2011-01-16

About Saiga tatarica Mongolica

Дэлхийн хэмжээнд соргог бөхөн, монгол бөхөн гэсэн хоёр дэд зүйл /дэд зүйл гэдэг нь амьтны ангилал зүйн хамгийн бага нэгж юм/ бий. Соргог бөхөн зүүн өмнөд Европын тал нутгаас Дунд, Ази, Казакстан, Халимагийн хуурай хээр, говийг хамран Монгол Алтайн баруун бэл хүртэлхи уудам нутагт тархжээ. Монгол бөхөн их нууруудын хотгорт хязгаарлагдмал нутагт тархсан дэлхийд өөр хаа ч байхгүй Монголын уугуул амьтан юм.

Монгол бөхөнгийн эрийн хэржин, эмийг хэрэгчин төлийг янзага гэдэг.

Буган биен дээр том хамартай тэмээн толгой суулгасан мэт болхи төрх нь энэ амьтныг хамгийн эртний үүсэлтэй болохыг гэрчилнэ. Бөхөн гөрөөс нь хойд америк хүртэлхи өргөн уудам нутагт тархаж байсан хэдий ч хамгийн сүүлчийн мөстлөгийн үед тэнд устаж үгүй болжээ.

Монгол бөхөнгийн идэш, тэжээлийн бүрэлдэхүүдн маш хортой гэж үздэг ургамлын зүйлүүд ч багтдаг. Ахар навчит баглуурын хортой гэж үздэг улиралд бөхөн энэ ургамлаар идэшлэнэ. Тиймээс баглуурын хэт тэлж ургахаас сэргийлж байдаг ач холбогдолтой амьтан юм. Хортой үед нь ч монгол бөхөн баглуураар идэшлэнэ. Монгол бөхөн дэлхийн ховордсон 100 амьтны жагсаалтад бүртгэгдсэн.

Гөрөөсний төрлийн амьтны зан төрхийн онцлог нь ямар нэгэн хөдөлж буй биетийн өмнүүр хөндлөн гардаг. Та бөхөнг хөөснөөр тухайн амьтныг бахардуулах, хээл хаях,сүргийн бүтцийг эвдэх, байршлаа алдан сарних зэрэг олон талын сөрөг нөлөө үзүүлдэг. Энэ нь тухайн байгаль орчны хэвийн байдлыг алдагдуулж байгаа хэрэг бөгөөд шууд бус утгаараа өөрийн гараар өөрийн баялгаа сүйтгэж байгаа хэрэг.

Монгол бөхөнгийн тоо толгой:
2000 онд - 5240 орчим
2002 онд - 1040 орчим
2003 онд - 750 орчим
2005 онд - 1500 орчим
2007 онд - 2860 орчим
2008 онд - 3240 орчим

Монгол улсын хилээр бөхөнгийн эвэр гаргахыг хориглодог бөгөөд эвэр нь богино, нарийхан 25см хүртэл урт, гялалзсан хув шаргал өнгөтэй , бөгжилсөн товгор цагирагтай.

Ан амьтны экологи-эдийн засгийн шинэчилсэн үнэлгээ:

Хэрэв та монгол бөхөн агнавал доорхи төлбөрийг 2 дахин нугалж төлнө. Мөн танд торгууль эсвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Хэржин - 2.000.000 төгрөг
Хэрэгчин - 2.600.000 төгрөг
Янзага - 3.400.000 төгрөг

Хууль бус агнуур нь монгол бөхөнгийн популяцийг доройтуулах гол хүчин зүйл болдог байна.


No comments: