2014-01-02

Аяны товч тэмдэглэл

Улаанбаатар, Гашуунсухайт, Замын-Үүд, Улаанбаатар гэсэн чиглэлээр нийт 2500 км автомашины бараг аялал хийгээд ирлээ. Бараг гэдгийг тодруулбал энэ аялал маань анхнаасаа аялах зорилготой байгаагүй, албан ажил байсан юм. Нэг төрийн байгууллага ажил нь удааширсан шалтгаанаа нөгөө төрийн байгууллагаас болсон хэмээн аргагүй албатууд нь амбан ноёндоо айлдсан хэрэг лдээ. Ингээд асуудал хаанаа байсан гэдэг учгыг тайлахаар амаргүй аялалд мордсон хэрэг.
Говийн нар газраас ургадаг юм билээ
Аяллын явцад Монгол орны маань сайхан байгаль хэн ч хүрээгүй ариун тагшин байдлаараа сайхан сэтгэгдэл төрүүлж байлаа. Гэтэл зорьсон газраа ирэхэд хүнд техник тоног төхөөрөмжийн газар нүхлэх чанга дуу цангинасан, шороон түйрэм дэгдсэн харагдах орчин муутай ийм л газар биднийг угтсан юм. 
Салхи дэгдвэл гурван алхмын газар харагдахгүй болох үе бий
Бүх газартаа ийм шороо эргэлдсэн байдаг гэвэл бас эндүүрэл. Гэсэн ч энд төрийн болоод хувийн хэвшлийн маш олон ажилчид шороо идэж, шороогоор амьсгалан ажиллаж амьдарч байна. Ус нь хүн байтугай мал уух аргагүй шорвог, эрүүл ахуйн шаардлага хангадаггүй. Энэ усаар үсээ угаавал гельний хэрэг байхгүй шууд босоод дарайгаад хатчихна, биеэ угаавал нилээн хэдэн хоног загатнаж маажуур туссаны дараа тосолж, тосолж сая нэг гайгүй болдог. Ийм л хүнд хэцүү нөхцөлд төрийн болон гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөө эрчүүд маань, эхчүүд маань ажиллаж амьдарч байна. 

Заримдаа замын хүнээс газар асуухад хаана байгаагаа ч мэдэхгүй хүмүүс тааралдана. Маш их байгалийн нөөцтэй гэгддэг Оюутолгойн хөрөнгө оруулагчид /Агуу зохион бүтээгч, сэтгэгч Стив жобс ОТ-н хөрөнгө оруулагч Фрийдландыг залилан мэхлэгч гэсэн нь үнэний ортой бололтой/ энд ганц см зам тавиагүй, бүтээн байгуулалт одоог хүртэл хийгээгүй. Харин Энержи ресурс /MCS/ зам барьж байгаль орчноо хайрлаж хамгаалдаг үндэсний томоохон байгууллага гэдгээ харуулсан байна лээ. Зам барьсан нь замаараа явна, бариагүй нэг нь шороогоор явж түйрэм дэгдээн, газрын хөрсийг гэмтээн тээвэрлэлтээ хийнэ. Товчхон хэлбэл бид байгалийн баялгаа гаргах гэж хэтэрхий яарч байх шиг. Эндээсээ бид Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу хөдөлсөн юм. 


Эрээн хөгжөөд, Замын-Үүд хөгжихгүй байнаа гэж бүгд ярьдаг. Тэгвэл саяхан Замын-Үүд хилийн боомт том оврын автомашин, болон жижиг тээврийн хэрэгсэл, зорчигч орох хэсгээ тусгаарлаж боомтоо өргөжүүлэн үйл ажиллагаа нь цэгцтэй арай л өөрчлөгдсөн харагдсан. Аяллын энэ хэсэгт ганцхан зүйлийг хэлмээр байна. Монгол улсын давхардсан тоогоор 2 сая иргэн Эрээн хот руу орж, гарахдаа 5 юан төлдөг. Үүнийг бодож үзвэл 2.000.000х10юан=20.000.000юан х 270-аар үржвэл зөвхөн үйлчилгээний хөлс гэх нэрийдлээр 5.400.000.000 төгрөг Эрээн хотын захиргаанд хөрөнгө оруулдаг байна. Хятад улсын хар мянган ажилчин иргэдээс бид энэ хэмжээний мөнгийг орж гарахад нь авч чаддаг болов уу. Авч чаддаг болмоор санагдсан. Мөн худалдаачид маань хэтэрхий тархай бутархай худалдаагаа хийж, нэгдэж нийлэлгүй урд очиж шулуулаад байх шиг санагдсан. Нэгдэж нийлээд хоорондоо гэрээ хэлэлцээр байгуулаад харилцан тохироод худалдаагаа наймаагаа хийвэл яадаг бол гэсэн бодол төрж байлаа. Аяллаас төрсөн сэтгэгдлийг цухас дурдвал ийм байлаа. 

No comments: