2011-05-19

ХӨГЖИЛ ХААНААС эхлэх вэ

"Эх орон сумаас эхэлнэ" хэмээх V бий. Үүний цаана улс орон хөгжилд хүрэх эсэх нь сумын хөгжлөөс хамаарах утга агуулагдаж буй. БНСУ-ын Шинэ тосгон хөдөлгөөний үүссэн зорилго, явсан замнал, хөгжсөн, амжилтад хүрсэн түүх "эх орон сумаас эхлэх"-ийн бодит жишээ гэлтэй.

Сайн сайхан, аз жаргалтай амьдралын төлөөх энэхүү хөдөлгөөн өрнөсөн 1970-аад оны эхээр тус улсад ажилгүйдэл, ядуурал нэмэгдэж, эдийн засаг доройтсон байна. Газар тариалангийн салбар уналтад орсон тул хүн амынх нь 70 гаруй хувийг эзэлдэг тариачид тосгоноо орхин хот руу шилжин суурьшиж, үүний улмаас тосгод эзгүйрч, хот сууринд хэт төвлөрөл бий болжээ. Харин Засгийн газар нь иргэдээ ядуурлаас гаргахын тулд Шинэ тосгон хөдөлгөөнийг өрнүүлж, хамтаараа хөдөлмөрөө хоршиж, сайн сайхан амьдралын төлөө нийтээрээ зүтгэх санаачлагыг хэрэгжүүлж эхэлсэн аж. Товчхондоо, зөвхөн хувь хүн биш хөршөөрөө, гудамжаараа, хороо, сумаараа, цаашлаад улс орноороо сайхан амьдарч, хөгжөөсэй гэсэн иргэдийн сайн дурын хөдөлгөөн өрнүүлжээ. Тиймдээ ч хөдөлгөөний үндсэн үзэл нь өөрийн болон нийтийн эрх ашгайг эрхэмлэж, амьдралынхаа чанарьп сайжруулахад чиглэж байв. Үр дүнд нь 1971 онд 356 мянган вон байсан тосгоны өрхийн орлого 1974 онд 674 мянга болж нэмэгджээ. Харин хотын өрхийн орлого 1971 онд 452 мянган вон буюу тосгоныхоос илүү байсан бол гурван жилийн дараа 644 мянган вон буюу хоёрдугаарт жагссан байна. Нэг үе эзгүйрэхэд хүрч, уналтад ороод байсан тариалангийн тосгод дотоодынхоо цагаан будааны хэрэгцээг 100 хувь хангах хэмжээнд хүрчээ. Энэ бүхэн Шинэ тосгон хөдөлгөөний амжилтын нэгээхэн хэсэг. Яагаад эдгээрийг дурдаад байна гэхээр Монголд хөдөлмөрөө хоршиж, хамтдаа сайхан амьдралыг, ая тухтай орчныг бүрдүүлэх боломж бүрэн дүүрэн байгааг сануулах гэснийх юм.

Өдгөө манай улсын нийт хүн амын бараг тал хувь нь нийслэлдээ шахцалдан амьдарч байна. Утаа, хөрсний бохирдол, усны хомсдолоос эхлээд сая гаруй хүн амын сайн, муу бүхнийг дааж ядан байна, Улаанбаатар. Гэтэл жил бүр нийслэлд 10 гаруй мянган өрх хөдөөнөөс шилжиж ирдэг гэх тоо бий. Цаана нь нүүж ирээд, хотын гэр хорооллыг тэлж буй бүртгэлгүй өчнөөн өрх байгааг таах аргагүй. Ер нь л 2.7 саяулаа Улаанбаатартаа төвхнөх гэсэн мэт хотыг чиглэсэн их нүүдэл саарах янзгүй. Үүнд төр бодлогын төвшинд хандаж, төвлөрлийг сааруулж, хот, хөдөөгийн хөгжил, амьдрал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний ялгааг арилгах нь цаг үеийн шаардлага. Гэхдээ ярих биш хийхийг цаг үе шаардаж

байгаа юм шүү. Хэрэв баг, сум эзгүйрч, нийслэл нь хүнээр хахаж цацсан хэвээр хэдэн жил үргэлжилбэл бид хөгжлийн тухай мөрөөдөх нь бүү хэл ярих ч хэрэггүй болно. Тиймээс тэртээх Солонгосын хойгт өрнөж, улс орноо дэлхийд тэргүүлэх тэвшинд хүргэхэд хувь нэмрээ оруулсан Шинэ тосгон шиг хөдөлгөөнийг монголчууд эхлүүлж яагаад болохгүй гэж. НҮБ, олон улсын байгууллагууд "ядуурлыг арилгах үлгэр жишээ загвар" гэж зүгээр ч нэг тодорхойлоогүй, даяаршлын эринд дэлхийн улс орнуудад хэдийнэ хүрээгээ тэлсэн Шинэ тосгон хөдөлгөөний ололтоос авахаа авч, монгол онцлогт тохирсон загварыг бий болгон хөгжүүлэх боломж өмнө маань цэлийж байна. Тэгээд ч монгол түмэн эртнээс нааш "айл хүний амь, саахалт хүний санаа нэг" байсаар ирсэн билээ.

Шинэ тосгон хөдөлгөөний шинж чанар нь тухайн газар нутгийн онцлогийг гаргаж ирснээр тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэх гарцыг зөв олдогт оршино. Нэг үгээр, тухайн орон нутгийн ёс заншил, зан үйл, эрхэлдэг аж ахуй зэрэгт түшиглэн бодит өөрчлөлт, шинэчлэл хийж, хөгжлийн гарааг эхлүүлдэг байна. Басхүү ажилсаг хөдөлмөрч байх, өөрөө хийж бүтээх, хамтран нэгдэхийг гол болгодог аж. Дээрх бүхэн бидэнд байна. Хүн болгон дор бүртээ ганцаараа нэг ажил хийх гээд цаг алдаж байхаар олуулаа нийлж, хамтын хүчээр хийх нь илүү үр дүнтэй. Газар тариалан эрхэлдэг сумын айл бүр хувьдаа нэг трактортой байлаа гэхэд шатахуун, ашиглалтын зардлаас эхлээд эдийн засгийн өгөөжийг багасгах шалтаг мундахгүй. Харин сумын хэмжээнд нэг техниктэй, түүнийгээ тариалалт, ургац хураалтдаа ашиглаж, шатахуун, сэлбэг засварын зардлаа хамт санхүүжүүлдэг бол халаасанд орох ашиг хамаагуй илүү байна. Наад захын жишээ энэ. Арай холыг харж дүгнэвээс манай улс баг, сум, хороогоо хөгжүүлэх цаг яах аргагүй болсон. Эхэнд өгүүлсэнчлэн эзгүйрсэн баг, сумыг эзэнтэй болгохын тулд орон нутаг бие даан хөгжих боломжийг бүрдүүлж, санхүүгийн эрх мэдаийг өгөх учиртай. Сумын сургуулийн дээврийг засах хөрөнгийг шийдэх гэж УИХ нь хэлэлцдэг байдлыг өөрчлөх шаардлага зүй ёсных. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бодаогоо дээрээс нь биш доороос нь төлөвлөж, хөгжүүлэх арга хэмжээгээ хувь иргэнээс, өрхөөс, багаас эхлэх нь хамгийн зөв гарц билээ. Үүнийг нотолсон бодит жишээ нь мөнөөх Шинэ тосгон хөдөлгөөн. Мэдээж бид хэц нэгнийг хуулбарлан дууриах биш харин авах, гээхийн ухаанаар хандаж, монголчуудынхаа язгуур зан чанар, улс орныхоо үндсэн бүтцэд тулгуурлан хөгжлийг хурдасгах ёстой юм. Энэхүү хөгжлийн түлхүүр хэнд байна вэ...

Д.АНАР

No comments: