2011-04-30

Өнөөгийн гаалийн байгууллагын тухай миний бодол

Монголын гааль гэж ярихаар хээл хахууль, авлигал санаанд орж ирдэг. Хилээр нэвтэрч байгаа бүхэн л гаальтай холбоотой юм шиг ойлгодог. Холбоотой нь үнэн тэхдээ гаалийн байгууллагын үндсэн чиг үүрэг нь бараа, тээврийн хэрэгслийн тоо хэмжээг хянах, татвар ногдуулах, Монголын хилээр юу орж гарсан, түүнд татвар ногдуулах уу ногдуулахгүй юу, хилээр оруулахыг хориглосон эсвэл хязгаарласан бараа юу гэдгийг хянан шийдвэрлэдэг байгууллага. Барааны чанарт Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголд хүн орж ирэх гарах, суурьших зөвшөөрлийг Гадаад иргэн, харьяатын асуудал эрхлэх алба хариуцдаг. Хилийг хааж, нээхийг Хил хамгаалах ерөнхий газар, мөн дээрээс нь үүргийнхээ дагуу Тагнуулын байгууллага мөн хяналт тавьж ажилладаг. Энэ мэтчилэн хил дээр төрийн өмнөөс үйл ажиллагаа эрхэлж байгаа 4, 5 байгууллага орох гарах урсгалд өөр өөрсдийн чиг үүргийнхээ дагуу хяналт тавьж байна. Гаалийн байгууллага нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг тиймээс Засгийн газраас гаргасан шийдвэрийг биелүүлж Засгийн газраас гаргасан шийдвэрийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ тухай бас хүмүүсийг зөв ойлголттой байгаасай гэж хүсэж байна.

2003 оноос хойш Монголын гаалийн байгууллага Олон улсын ДГБ болон ДХБ-аас гаргасан конвенциудад нэгдэн орсноор одоо 114 оронтой гадаад худалдаа хийж байна.  Энэ нь Монголын Засгийн газар гадаад худалдаанд чөлөөт бодлого барьж байгаагийн илэрхийлэл. Монголын эдийн засаг томорч байгаагийн нэг илэрхийлэл бол Гаалийн байгууллагаас харахад 2005 онд Улсын төсвийн 38 орчим хувийг бүрдүүлдэг байсан гаалийн байгууллага одоогийн байдлаар 23 орчим хувийг бүрдүүлж байна.  Оруулж байгаа орлогын хэмжээ багассан бус харин ч жил бүр өссөн байдаг. Гаалийн харилцаанд оролцогчдын цаг хугацааг хэмнэх үүднээс Солонгос улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны тусламжтайгаар  CAIS, CEPS системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна. Нүүр тулсан харилцааг багасгах, ганц байцаагчаас бүх зүйл хамааралгүй байлгах, нэг байцаагчийн үзэмжээр шийддэг асуудал байхгүй болсон, нэг бүрдүүлэлт 3 секунтын дотор Гаалийн ерөнхий газарт ирж түүнийг нь хянах боломжтой болсон. Хэрвээ асуудал гарвал 1281 гаалийн лавлах утсаар мэдээлэл өгөх зэрэг боломжуудыг гаалийн байгууллагын 2009-2012 оны стратеги төлөвлөгөөний хүрээнд шийдвэрлэж чаджээ. Ганц гааль биш ер нь төрийн байгууллагын үйл ажиллагаа сайжирч байна. Аль болох л хүнд суртлыг байхгүй болгох, гарсан асуудлыг түргэн шийдвэрлэх гэж үздэг болсон байна. Ингэж өөрчлөгдөхөд хэвлэл мэдээллийн байгууллага чухал байр суурь эзэлнэ. Тэхдээ захиалгат сэтгүүлзүй биш шүү. Сүүлийн үед захиалгат сэтгүүлзүй гарч ирсэн.

No comments: